Нэгж хичээлийн хөтөлбөр
Сэдвийн зорилго: Үйлдлийн дараалал буюу алгоритмыг блок схемийн аргаар дүрслэх мэдлэг, чадвар эзэмших, хялбар бодлогуудын алгоритмыг блок схемээр дүрслэх, тайлбарлах, үр дүнг тооцоолох, үгээр болон блок схемээр илэрхийлсэн алгоритмыг ойлгон, тайлбарлах, тодорхой өгөгдөл дээр биелүүлж, үр дүнг тооцоолох.
Зорилт:
• Алгоритмын талаарх мэдлэг, чадвараа гүнзгийрүүлж, амьдралд өргөн тохиолддог үйлдлийн дараалал, алгоритмыг төлөвлөх, дүрслэх чадварт суралцах;
• Алгоритмыг дүрслэх блок схемийн аргын талаар мэдлэгээ нэмэгдүүлэх;
• Шугаман алгоритмыг блок схемээр дүрслэх, оролтын тодорхой өгөгдөлд алгоритмыг хэрэгжүүлж, үр дүнг тайлбарлах;
• Салаалсан хялбар алгоритмыг блок схемээр дүрслэх, оролтын тодорхой өгөгдөлд алгоритмыг хэрэгжүүлж, үр дүнг тооцоолох, тайлбарлах;
• Давталттай хялбар алгоритмыг блок схемээр дүрслэх, оролтын тодорхой өгөгдөлд алгоритмыг хэрэгжүүлж, үр дүнг тооцоолох, тайлбарлах;
• Үгээр болон блок схемээр илэрхийлсэн алгоритмыг ойлгох, тайлбарлах, биелүүлж үр дүнг тооцоолох.
Хүлээгдэж буй үр дүн:
• Эргэн тойрны мэдээллүүдийг ялган таньж, загварчилж, өдөр тутамд тохиолдох үйл ажиллагааг хялбар алгоритмаар дүрсэлдэг.
• Алгоритмыг блок схемийн аргыг мэддэг, хялбар үйлдлийн дарааллыг блок схемээр дүрсэлдэг.
• Хялбар дүрсийн талбай олох, эзлэхүүн, хүрээлж буй шугамын уртыг олох зэрэг бодлогын шугаман алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэн биелүүлдэг, үр дүнг тооцоолон тайлбарладаг.
• Хоёр тооны ихийг олох, өгөгдсөн тоог эерэг сөрөг эсэхийг тодоройлох зэрэг салаалсан алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэн үр дүнг тайлбарладаг.
• Бүхэл тоон завсар дахь тоонуудын нийлбэрийг олох, тооны цифрүүдийн нийлбэрийг олох зэрэг бодлогын давталттай алгоритмыг үгээр болон блок схемээр дүрсэлдэг, үр дүнг тооцоолж, тайлбарладаг.
Ухагдахуун, нэр томьёо:
• Алгоритм: Гүйцэтгэгчийн хийх үйлдлийн дарааллыг түүнд нэгэн утгатай ойлгогдож байхаар тодорхойлж өгснийг хэлнэ.
• Алгоритмыг дүрслэх блок схемийн арга: Тодорхой тооны геометрийн дүрс ашиглан алгоритмыг дүрслэх арга.
• Шугаман алгоритм: Үйлдлүүд нь дараалал биелэхээр дүрслэгдсэн алгоритм.
• Салаалсан алгоритм: Үйлдэл нь нөхцөлөөс хамааран биелж байхаар дүрслэгдсэн алгоритм.
• Давталттай алгоритм: Алгоритмд нэг эсвэл бүлэг үйлдлийг хэд хэдэн удаа гүйцэтгэдэг алгоритм.
№
|
Ээлжит хичээл
(сэдэв)
|
Цаг
(40мин)
|
Суралцахуйн зорилт
(сурах арга барил)
|
Хичээлийн агуулга
|
1
|
Үйлдлийн дараалал буюу алгоритмыг блок схемээр дүрслэх.
Шугаман алгоритм
|
1
|
•Мэдээллийг боловсруулах үйлдлийн дарааллын төлөвлөх;
• Шугаман алгоритмын жишээ гаргах;
• Шугаман алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх;
• Төлөвлөсөн үйлдлийн дарааллыг тодорхой өгөгдөл дээр биелүүлэх, үр дүнг тооцоолох, тайлбарлах.
|
•Аливаа үйл ажиллагааг төлөвлөн гүйцэтгэх;
•Шугаман үйлдлийн дарааллыг блок схемээр илэрхийлэх;
•Алгоритмын үр дүнг тооцоолох.
|
2
|
Алгоритм дахь хэмжигдэхүүн. Салаалсан алгоритм
|
1
|
• Алгоритм нь оролтын мэдээлэлд боловсруулалт хийж, үр дүнгийн мэдээлэл гарган авах үйл ажиллагаа болохыг ойлгох (оролт, боловсруулалт, гаралт);
• Салаалсан алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх;
• Алгоритмд нөхцөл шалгах үйлдэл, нөхцөлт илэрхийллийг бичих, хэрэглэх;
•Салаалсан алгоритмын жишээ гаргах, дүрслэх;
•Салаалсан алгоритмыг тодорхой өгөгдөл дээр биелүүлэх, үр дүнг тооцоолох.
|
•Алгоримтын хэмжигдэхүүнийг жишээгээр тайлбарлан харуулах;
•Салаалсан алгоритмыг дүрслэх;
• Жиших үйлдэл, логик илэрхийлэл ашиглах;
•Салаалсан алгоритмын үр дүнг тодорхой жишээн дээр тооцоолох.
|
3
|
Давталттай алгоритм
|
2
|
• Алгоритмд үйлдлийг давтан гүйцэтгэх;
• Давталттай алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх;
• Давталтын хэлбэрүүдийг мэдэх;
• Давталттай алгоритмын жишээ гаргах, дүрслэх;
• Давталттай алгоритмыг тодорхой өгөгдөл дээр биелүүлэх, үр дүнг тооцоолох.
|
•Давталттай алгоритм буюу бүлэг үйлдлийг давтан гүйцэтгэх; •Давталттай алгоритмын үр дүнг тодорхой жишээн дээр тооцоолох.
|
Сэдвийн сургалтын арга, үнэлгээ:
Алгоритм сэдвээр сурагчид алгоритм гэж юу болох, түүнийг блок схемээр дүрслэн илэрхийлэх мэдлэг, чадварт суралцаж эхэлнэ. Тэдний математик болон МТ-ийн хичээлээр мэдэх болсон хялбар бодлогуудад тулгуурлан алгоритмыг блок схемээр дүрслэх мэдлэг, чадварыг олгоно. Бүлэг сэдвийг хэрэгжүүлэхдээ дараах арга зүйн зөвлөгөөг анхаарна. Үүнд:
• Өмнөх ангид алгоритмыг үгээр илэрхийлэх аргын талаар судалж, аливаа үйл ажиллагааг үгээр илэрхийлэх чадварт суралцсан. Хичээлийн эхэнд сурагчдын алгоритмын болон алгоритмыг үгээр илэрхийлэх талаар мэдлэг чадварын түвшинг тодорхойлно. Сурагчдын мэдлэг, чадварын түвшинг бодитой тодорхойлсноор сурагч нэг бүрийн мэдлэг, чадварын өсөлт өөрчлөлтийг үнэлэх боломж бүрдэнэ. Ингэхдээ:
- Сурагч нэг бүрийн алгоритмын мэдлэг, чадварын түвшинг бодитой тогтоох, оношлох. Үүний тулд үнэлгээний материалаа сурагчдыг мэдлэг чадварын түвшинг илрүүлж чадахуйцаар боловсруулахад анхаарна. Блумын таксономийн үе шатыг харгалзан боловсруулсан бүлэг сэдвийн үнэлгээний материалын жишээг уг бүлэг сэдвийн “Жишиг үнэлгээний материал” хэсгээс үзээрэй.
- Ийм үнэлгээ нь сурагчдын мэдлэг, чадварын түвшингээр ойролцоо багт хувааж, сургалтыг ялгавартайгаар зохион байгуулах боломж олгоно.
Алгоритм сэдвээр сургалтаа зохион байгуулахдаа багш нь алгоритмын талаарх онолын хялбар ойлголтыг өгч, математик, физик, бусад хичээлээр үзэж судалсан болон амьдралд танил болсон хялбар жишээнд тулгуурлан алгоритмыг дүрслэх аргуудтай танилцуулж, улмаар аливаа үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах ерөнхий соёлыг төлөвшүүлэхэд анхаарна. Сэдвийн хүрээнд сонгосон жишээ дасгал, даалгавар, бодлого нь тэдний алгоритмыг мэдэх энгийн өгүүлбэрээр буюу “үгээр илэрхийлэх” мэдлэгийг гүнзгийрүүлэх, түүнийгээ блок схемээр дүрслэх, тэдгээрийг харьцуулах, мөн чанарыг ойлгон ухаарахад чиглэсэн байвал зохино.
• Хичээлийг зохион байгуулахдаа анги танхимд зохион байгуулна. Компьютерийн лаборатори боломжтой нөхцөлд хялбар алгоритмыг Яст мэлхийн урлан (Turtle Art) программд дүрслэх, дүрс зурах алгоритмыг Paint программд биелүүлэх, тооцоолох алгоритмын үр дүнг Calc (тооны машин), MS Excel программаар тооцоолох зэргээр сурагчдыг ажиллуулах нь хичээлийг сонирхолтой, практик шинжтэй болгоно.
Хичээлийг багаар зохион байгуулж, хүүхэд хүүхдэдээ туслах, заах, хамтаараа хөгжих боломж олгох талаар анхаарна. Сэдвийн хүрээнд бодож буй бодлогуудыг ямар түвшинд гүйцэтгэж байгааг үнэлэхэд дараах рубрикийг ашиглаж болно.